Ахтайгаа хамт уулан дээр

Ахтайгаа хамт уулан дээр

Tuesday, April 2, 2013

Монгол Мөрөөдөл миний нүдээр буюу Mongolian Dream

     American dream гэж нэг зүйл байна, өмнө нь ч байсаар ирсэн л дээ. Гэхдээ тэгж их судлаж үзээгүй юм байна лээ. Миний бодлоор л тэр Америк Мөрөөдөл нь улс орны хөгжил, эдийн засаг, улс төр хүмүүсийн амьдралд маш их эерэг талаар нөлөөлж байсан, харин зарим нэг сөрөг зүйлсийн нөлөөгөөр анх байсан Америк Мөрөөдөл гэдэг зүйлийнхээ мөн чанарыг алдсан юм билээ
. Энэ талаар Hedrick Smith-ийн "Who stole the American Dream?" гэдэг номноос илүү сайн ойлгоно.
     Бусад улс орнууд ч гэсэн өөрсдийн гэсэн онцлог Мөрөөдөлтэй. Жишээлбэл Герман улс, дайн гээд их хэмжээний хохирол учирсан. Гэхдээ 1985 оноос АНУ-гаас илүү хурдан эдийн засагаа хөгжүүлсэн(мөн л дээрх номноос олж унших бизээ, Хэдрик Смит Герман улсыг жишээ болгон авсан байдаг).
Бусад улс орнууд өөрсдийн гэсэн мөрөөдөлтэй байхад Монгол улсад яагаад байж болохгүй гэж? Энэ талаар л хэдэн зүйл бодсон бодол санаагаа хуваалцах гэж бичиж сууна.
Миний бодлоор Монгол залуус өөрсдийн зориж бий болгоогүй "Mongolian Dream"-тэй. Монгол Мөрөөдөл гэж бичээгүй англиар бичсэнийг анзаарна биз ээ. Үүнээс л жишээ авч болно.
Залуусын хандлага, байгаа байдал гээд зүйлсийг ажаад байвал гадаад хэл гэдэг зүйл маш том байр суурьтай болчихсон. Англи, Хятад, Орос, Солонгос, Япон гээд л. Хэлтэй бол хөлтэй сайхан амьдрана гэсэн бодол тээгээд л явж байгаа. Бүгдийг нь буруутгахгүй л дээ гэхдээ зарим нь Монгол ч биш гадаад ч биш болчихоод байна. Өөрсдийн хэл соёл, зан заншилаа мэдэхгүй гадны соёлыг дагаад л. Хүний хүсэл сонирхол ч гэсэн эх хэл, түүх соёлоо мэдэх хэрэгтэй.
Маш олон залуус гадаад хэл сураад зарим нэг нь гадаадад очиж амьдарч сурч байна. Гадныхан сонирхоод асууна. Ихэнх нь Чингис хаанаас өөр зүйл хэлдэг гэж би лав бодохгүй байна.
За тэгээд өөр нэг зүйл гэвэл Монгол зан(хараагаад зүхээд байв, зөвөөр ойлгохыг ихэд хүслээ шүү!) гэгддэг Хувиа хичээсэн зан тэрхүү "Mongolian Dream"-д кодлогдон суучихжээ. Би л ингэх ёстой тэгэх ёстой, наанаа инээгээд цаанаа хувиа хичээгээд л. Хэцүүхэн зүйл. Өөрийнхөө төлөө амьдрах ёстой ч бусдыг бага ч атугай бодох нь хэрэгтэй бизээ.
Ааа тийн бас нэг Монгол мөрөөдөл байна аа. Арын хаалга, танил талаа өөртөө эерэгээр ашиглах. Хялбар аргаар мөнгө олох. Сайд дарга болох. Тэгж чадвал Жинхэнэ Монгол Мөрөөдөл буюу сайхан амьдрана...
Сайхан амьдрах нь юу л болдоо. Жоохон далийгаад хадуурахад "Бурхан өршөө" кинон дээр монгол залуусын тийм сэтгэхүйг сайн харуулж чадсан(нам бус болно)
Монгол Мөрөөдөл биш Монгол Хүсэл байхаа...
Эртнээс л Монголчууд хүсэл зорилгод ач холбогдол өгдөг байсан юм шигээ. Өөрсдийн хүссэн зүйлсд тэмүүлж явдаг байлаа. Харин Мөрөөдөл гэхээр нэг л хоосон, мөрөөдөөд л суугаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа юм. Улс орон бүр л өөрсдийн онцлогийг бий болгоод байхад Монгол Хүсэл бий болгоё. Тэмүүлэл, Зорилго юу ч гэмээр юм бэ дээ байз?
Монгол Мөрөөдлийн цаг тооны хураангуй 
Монгол Хүсэл гэж нэрлье, харин тийм зүйл өмнө нь байсаар ирсэн. Тэр талаар цаг тооны хураангуй бичих гэж оролдьё хө.
13-р зуун: Их Монгол улсын төлөө!
Сайн цэрэг байх, улс эх орон болон хаанаасаа урвахгүй байх.
1480 оноос хойш буюу Шарын шашин түгэн дэлгэрч эхлэсэн үе: Ум мани бадмэ хум! амар амгалан амьдрах. Ламд шавь болох, нүгэл хийхгүй амьдрах.
Эх орны төлөөх тэмцлийн жилүүд, энд олон дайн тулааны үе хамрагдана : Цэрэгт элсэх, эх орноо өөрийн биеэр хамгаалах.
Социалист нийгэмтэй байх үед: Намын үгээр амьдрах
1990-ээд он Ардчилалын эхэн үе: Наймаачин болж баяжих.
Нэг иймэрхүү зүйлс л толгойнд бууж байна даа.
Хэрэв хүсэл зорилгоо зөв чиглүүлээд байвал улс орон ч хувь хүн ч хөгжөөд сайхан амьдрах боломжтой. Харин тэрхүү үнэт зүйлсийг устгаж буй хүмүүс л хэцүү. Монголчууд тэгж байгаад ихэнх зүйлсийн утга, мөн чанар гэдэг зүйлийг алдагдуулдаг хүмүүс шүү дээ.
Зарим зүйлсийг бодно бизээ...
Энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй, энэ зөвхөн миний өчүүхэн бодол юм шүү.

No comments:

Post a Comment